Rights and Protections for Temporary Workers - Mongolian

Түр ажилтны эдлэх эрх ба хамгаалалт - Монгол

Хэрэв та АНУ-д ажиллах эсвэл сурах зорилгоор ирж байгаа бол энд байх таны цаг хугацаа үр бүтээлтэй, тааламжтай байна гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ хэрэв танд асуудал тулгарвал танд эдлэх эрх гэж байгаа бөгөөд тусламж авч болно. Бүх түр ажилтнууд АНУ-ын хуулийг даган мөрдөх ёстой бөгөөд аливаа зөрчил, хүчирхийллийг зохих газарт нь мэдэгдэж, тусламж авахыг танд зөвлөж байна.  

Wilberforce Collage Image.png

Хэрэв танд аюул тулгарсан эсвэл хүчирхийлэлд өртсөн бол Хүний наймаатай тэмцэх үндэсний төвийн дуудлага хүлээж авах 1-888-373-7888 утас руу залган мэдэгдээрэй.

Энэ хуудаст зарим төрлийн ажлын болон сургалттай холбоотой цагаачлалын бус визтэй гадаадын иргэдийн эдлэх эрхийн тухай мэдээлэл ба дуудлага хүлээн авах төвийн дугаар багтсан. Мөн энэ хуудаст АНУ-д байх хугацаанд нь хэрэг болох зөвлөгөөнүүд орсон. Жишээлбэл, ажилласан цагаа хэрхэн бичгэн байдлаар тэмдэглэх, гадаад паспортаа хэрхэн өөр дээрээ, аюулгүй байдлаар хадгалах гэх мэт. АНУ-н Засгийн газар хүний наймаа болон ажлын газар дээрх хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор Уиллиам Уилбэрфорс Хүний наймааны хохирогчдыг хамгаалах тухай хуульд (Public Law 110-457) заасны дагуу энэ мэдээллийг түгээдэг.

Medical-Worker-Banner_10052022

ТАНЫ ЭДЛЭХ ЭРХ

АНУ-д байхдаа таныг сэтгэл хангалуун байна гэдэгт бид итгэлтэй байна. Гэвч таагүй нөхцөл байдал үүсвэл танд эдлэх эрх, авах тусламж бий!

Та дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:

  • Шударга цалин хүртэх
  • Ялгаварлан гадуурхлаас ангид байх
  • Бэлгийн дарамт, бэлгийн мөлжлөгөөс ангид байх
  • Эрүүл, аюулгүй орчинд ажиллах
  • Үйлдвэрчний эвлэл, цагаачид ба ажилчдын эрхийг хамгаалах байгууллагаас тусламж хүсэх
  • Ажлын дарамттай орчинг орхих

ХЭРЭВ ТАНТАЙ ЗҮЙ БУСААР ХАРЬЦВАЛ ХҮНИЙ НАЙМААГ МЭДЭЭЛЭХ ШУУД УТАС 1-888-373-7888 (АНУ ДОТОР) ДУГААРТ ХАНДАНА УУ. МѲН 233733 (АНУ ДОТОР) ДУГААРТ ‘HELP’ (‘ТУСЛААРАЙ’) ГЭСЭН МЕССЕЖ, ЭСВЭЛ NHTRC@POLARISPROJECT.ORG ХАЯГТ И-МЭЙЛ ЯВУУЛААРАЙ.

ТУСГАЙЛАН БЭЛТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНҮҮД 200 ГАРУЙ ХЭЛ ДЭЭР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД ҮРГЭЛЖ БЭЛЭН БАЙНА. ТА ӨӨРИЙН НЭР БУЮУ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ. ЭНЭ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ WWW.TRAFFICKINGRESOURCECENTER.ORG ЦАХИМ ХУУДСААС АВНА УУ.

Хэрэв та аюултай байдалд орсон бол 911 (АНУ дотор) дугаараар цагдаад хандаарай. Ямар аюул учирсан, өөрийн байгаа байршил, утасны дугаар зэргээ хэлэх хэрэгтэй. Англи хэлээр ярьдаггүй бол орчуулагч хүсэж болно. Цагдаа ирсний дараа энэ товхимлыг үзүүлж ямар дайралт, халдлагад ѳртсѳнѳѳ хэлж болно.

Хэрэв та цагаачлалын бус A-3, G-5, H, J, NATO-7, эсвэл гэрийн ажилтнуудад олгодог В-1 виз авсан бол визийн ярилцлагын үеэр танд энэ товхимлыг өгсѳн байх ёстой. Консулын ажилтан таныг визээ авахаас өмнө энэхүү товхимлыг хүлээн авч, уншиж, ойлгосон эсэхийг тань асуух ёстой. Aваагүй бол танд товхимлыг өгч танилцуулна. Мөн консулын ажилтан энэхүү товхимолд дурдсан мэдээллийн талаар таны тавьсан асуултад хариулах үүрэгтэй.

ВИЗИЙН СТАТУСААС ҮЛ ХАМААРАН ТАНЫ ЭДЛЭХ ЭРХҮҮД

Таны эрх зөрчигдсөн гэж үзэж байвал холбогдох төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллага, эсвэл танд туслалцаа үзүүлж болох бусад байгууллагад мэдэгдээрэй. Хэрэв та Англи хэлээр ярьдаггүй бол орчуулагч хүсэж болно.

1. Шударга цалин хүртэх таны эрх

  • Та гүйцэтгэсэн бүх ажлаа үнэлүүлэн цалин хөлс авах эрхтэй.
  • Ихэнх ажлын хувьд та хамгийн багадаа холбооны хуулиар тогтоосон цагийн хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинжих эрхтэй. Дараах цахим хуудас руу орж холбооны цагийн хөлсний доод хэмжээтэй танилцана уу: www.dol.gov/agencies/whd/minimum-wage
  • Та дараах тохиолдлуудад холбооны цагийн хөлсний доод хэмжээнээс ѳндѳр цалин авч болох юм. Үүнд:
    • Цагийн хөлсний доод хэмжээ нь холбооныхоос ѳндѳр муж, хот, каунтид ажилладаг бол,
    • Таны хөдөлмөрийн гэрээ, визийн нѳхцѳлд илүү өндөр цалин тѳлѳхийг шаардсан бол.
  • Та 7 хоногт 40-с илүү цаг ажилласан бол илүү ажилласан цаг бүртээ цагийн цалингаа 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэмэгдэл хөлс авч болно. Жишээлбэл, таны нэг цагийн хѳлс 10 ам.доллар бол 7 хоногт 40 цагаас хэтэрсэн цаг тутамдаа 15 ам.доллар төлөхийг ажил олгогчоосоо шаардаж болно.

САНАМЖ: АНУ д ирэхдээ лавлагааны зорилгоор энэхүү товхимлыг биедээ авч яв ах хэрэгтэй

Field-Worker-Banner_10052022

САНАМЖ: АНУ д байх хугацаанаас тань хамааран та эрүүл мэндийн даатгалтай байх шаард лагатай байж болно. Түүнчлэн та эрүүл мэндийн даатгалын тѳлбѳрийг хѳнгѳвчлѳх санхүүгийн туслалцаанд хамрагдах нѳхцѳл болзлыг хангасан байж болох юм.

  • Хэрэв таны цалингийн чекээс ажил олгогч тань мөнгө хассан байвал үүнийг суутгал гэнэ. Таны ажил олгогч суутгал бүрийг тодорхой тэмдэглэсэн байх ёстой.
  • Суутгал хийсний дараа таны цалин хѳлс хуулиар тогтоосон хамгийн доод хэмжээнээс бага болбол тухайн суутгалыг авах нь хууль бус байж болох талтай. Ажил олгогч нь ихэнхдээ дүрэмт хувцас, аюулгүйн тоног тѳхѳѳрѳмж, багаж хэрэгсэл, түүхий эдийн зардал болон ажлын зуучлалын хураамжийг цалин хѳлснѳѳс суутгадаггүй.
  • Хууль ёсны суутгалд таны сонгосон зүйлс багтана. Жишээ нь, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрчний эвлэлийн гишүүний хураамж, цалингийн урьдчилгаа болон шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэлэг, дампууралтай холбоотой нэхэмжлэлийн тѳлбѳр орж болно. Тусгайлан зааснаас бусад тохиолдолд АНУ-д цагаачлалын бус визээр ажиллаж буй хүмүүс холбооны болон мужийн орлого ба хөдөлмөр эрхлэлтийн татвар төлдөг. Та ажил олгогчтойгоо цалингийн чекээсээ орлогын татвараа шууд суутгуулж байхаар тохирч болно. Ерѳнхийдѳѳ ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамж, Medicare (холбооны эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн хөтөлбөр)-ийн хураамжийг цалингаас шууд суутгадаг.

САНАМЖ: Та АНУ д ирэхээсээ өмнө цагаач ажил тнуудын асуудлыг эрхэлсэн байгууллага эсвэл АНУ д өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс зөвлөгөө ав ах хэрэгтэй АНУ д байх хугацаанд тань аливаа бэрхшээл, асуудал танд тохиолд в ол холбогдож болох хувь хү н, албан байгууллагуудын холбоо барих мэдээллийг тэд танд ѳгч чадна.

Kitchen-Worker-Banner_10052022

2. Ялгаварлан гадуурхлаас ангид байх таны эрх

  • Ажил олгогч таны нас (та 40 ба түүнээс дээш настай бол), хүйс, арьсны өнгө, гарал үүсэл, үндэс угсаа, шашин шүтлэг, генетикийн үзүүлэлт (гэр бүлийн эрүүл мэндийн түүх үүнд орно), хѳгжлийн бэрхшээл зэргийн улмаас тантай ялгаатай буюу муугаар харьцах нь хууль бус юм.
  • Ажил олгогч тантай эмэгтэй хүн, жирэмсэн, хөхүүл, эсвэл жирэмсэн болж болзошгүй гэх шалтгаанаар ялгаатай хандах ёсгүй.

3. Бэлгийн дарамт ба бэлгийн мөлжлөгөөс ангид байх таны эрх

  • Ажил олгогч таныг бэлгийн дарамтад оруулах нь хууль бус юм. Ажил олгогч нь танд бэлгийн сэдэлттэй, хүйсийн хувьд доромжилсон санал гаргах ёсгүй.
  • Ажил олгогчийн зүгээс дараах үйлдэл хийж таныг бэлгийн мөлжлөгт оруулахыг хуулиар хориглоно. Үүнд:
    • Бэлгийн аливаа үйлдэл хийхийг шаардах;
    • Бэлгийн сэдэлтэйгээр таны биед хүрэх; 
    • Хүч хэрэглэх, залилах, дарамтлах замаар бэлгийн аливаа үйлдэл хийх.

Construction-Worker-Banner_10052022

4. Эрүүл, аюулгүй орчинд ажиллах таны эрх

АНУ-д та дараах шаардлагыг хангасан аюулгүй, эрүүл орчинд ажиллах эрхтэй. Үүнд:

  • Эмчилгээ: Та ажлын улмаас авсан гэмтэл, өвчлөлийн талаар ажил олгогчдоо мэдээлэх эрхтэй. Ажил дээрээ гэмтсэн, өвдсөн бол та эмчлүүлж болно. Ихэнх тохиолдолд ажил олгогч ажилтнаа үнэгүй эмчилгээнд хамруулж, өвчтэй буюу гэмтсэн байх хугацаанд нь алдсан цалингийн тодорхой хэсгийг нөхөн олгодог. Үүний тулд та ажиллаж буй мужийнхаа ажилтнуудын нөхөн олговрын даатгалд нэхэмжлэл гаргах шаардлагатай болж болох юм.
  • Хамгаалах хэрэгсэл: Та хортон шавж устгах бодис, химийн аюултай бүтээгдэхүүн хэрэглэдэг, эсвэл ойр орчимд нь ажилладаг бол ажил олгогч тань шаардлагатай хамгаалах хэрэгслээр (хорт хийн баг, бээлий г.м) үнэ төлбөргүйгээр таныг хангах ёстой.
  • Сургалт: Та ажлын байрандаа мөрдөгддөг аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга техник, аюул ослын тухай мэдээлэл авах, сургалтад хамрагдах эрхтэй. Сургалтыг таны ойлгодог хэл, нэр томьёог ашиглан явуулах ёстой. 
  • Орон байр: Ажил олгогч тань танд орон байр санал болгосон бол тэр нь цэвэрхэн, аюулгүй байдлыг хангасан байх хэрэгтэй. Та ажлын бус цагаараа орон байрнаасаа чөлөөтэй гарч явах боломжтой байх ёстой.

САНАМЖ: Ажил олгогч, гэрээлэгч, ажилд зуучлагчаас өгөх хуулийн зөвлөгөө өрөөсгөл байж болох талтай. Иймд бие даасан хуульчаас зөвлөгөө ав аарай

  • Ариун цэврийн өрөө: Ариун цэврийн өрөө цэвэрхэн, хүртээмжтэй байх ёстой. Ажил олгогч тань хэрэгтэй үед ариун цэврийн өрөө хэрэглэх боломжийг танд олгох ёстой.
  • Ундны ус: Та ундны цэвэр усаар хангагдах эрхтэй.
  • Саван ба цэвэр ус: Та хэрэгтэй үедээ гараа савантай усаар угаах эрхтэй. Ялангуяа хортон шавьжийн устгал хийсний болон химийн бодис хэрэглэсний дараа мөн эдгээр бодистой ногоо, жимстэй ажилласан бол гараа угаах эрхтэй.
  • Эрүүл мэндийн яаралтай үйлчилгээ: Таны эмчилгээний зардлыг ажил олгогч тань хариуцаж болно. Иймд та гэмтэл авсан эсвэл өвдсөн бол энэ талаар ажил олгогчдоо даруй мэдэгдээрэй. Ингэснээр ажил олгогч тань холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх боломжтой болох юм. Та эмчид үзүүлэх, эмнэлэг, клиникт очсоны дараа өөрийнхөө өвчний түүхийн нэг хувийг авах хүсэлтээ гаргаарай.

Та хортон шавьж устгах бодис, химийн аюултай бодис хэрэглэдэг, түүний ойр орчимд ажилладаг бол:

  • Ажлын байрандаа хэрэглэдэг химийн бодисын талаар мэдэх, ойлгох эрхтэй бөгөөд ажил олгогч тань энэ талаар танд тѳлбѳр тѳлж сургалтад хамруулах ёстой.
  • Ажил олгогч тань таныг хортон шавьж устгах бодист санамсаргүй байдлаар хордохоос урьдчилан сэргийлж хаана, хэзээ уг бодисыг цацсан болон уг талбайд хэзээ орвол аюулгүй байх талаар мэдээлэх ёстой.

5. Үйлдвэрчний эвлэл ба цагаачлагч, ажилчдын эрхийг хамгаалах байгууллагуудаас тусламж хүсэх таны эрх

  • Тухайлан цѳѳн тохиолдолд хориглосноос бусад нѳхцѳлд та бусад ажилчидтайгаа эвлэлдэн нэгдэж ажил олгогчоосоо ажлын байрны нөхцѳл сайжруулах, цалин нэмүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Түүнчлэн ихэнх ажилчид ажлын байрандаа үйлдвэрчний эвлэл байгуулах, түүнд нэгдэх, үйл ажиллагааг нь дэмжих эрхтэй.
  • Та ажлаа хийгээгүй үедээ цалин нэмэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулахыг дэмжсэн олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаанд оролцож болно.
  • Та энэ эрхийг визийн статусаасаа үл хамааран эдэлнэ. Ажил олгогч тaнь эрхээ эдэлсний тѳлѳѳ таны эсрэг ямарваа арга хэмжээ авч болохгүй.

6. Ажлын дарамттай орчныг орхих таны эрх

  • Хэрэв та дарамтад байгаа бол хамгийн чухал нь аюулгүй байдлаа хангах явдал юм. Хэрэв таныг ажил олгогч тань дарамталж байгаа бол та ажилдаа үлдэх шаардлагагүй.
  • Ажил олгогчоо орхиж явснаар таны виз хүчингүй болох хэдий ч та визийнхээ статусыг солих юм уу, өөр ажилд шилжих боломжтой байж болох юм. Ингэхийн тулд та АНУ-аас гарах шаардлагатай болж болзошгүй. Таны виз хэдий хүчингүй болсон ч та дарамталж байсан ажил олгогчоо орхисны дараа танд тусламж олдох бололцоотой.
  • Та ажиллаж байх хугацаандаа эсвэл ажлаа орхисныхоо дараа ажил олгогчийнхоо талаар албан ёсны гомдол гаргах юм уу эсвэл шүүхэд хандаж болно. Хэрэв ажил олгогч ингэсний тань тѳлѳѳ таны эсрэг арга хэмжээ (өс хонзон) авбал энэ нь хууль зөрчсѳн явдал болно.

ЦАГААЧЛАЛЫН БУС СТАТУСТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ЭРХҮҮД

A-3, G-5, NATO-7 ба гэрийн ажилтнуудын В-1 виз

  • Ажил олгогч тань танд АНУ-ын хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн гэрээ өгөх ёстой. 
  • Гэрийн ажилтанд олгох цалинг цагаар тооцож гэрээнд тусгах ёстой. Цагийн цалинг тогтоохдоо АНУ-ын холбооны, мужийн, орон нутгийн доод хэмжээнүүдээс хамгийн өндрийг авна. 
  • Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг таны ойлгодог хэл дээр үйлдэх ёстой. Та гэрээний нѳхцѳл, болзлыг мэдсэн байх хэрэгтэй бөгөөд хэрэв юу бичсэнийг мэдээгүй бол гарын үсэг зурж болохгүй.

1664992912537.png

САНАМЖ: Ажил олгогч цалин хөлсийг тань цагт нь олгох ёстой. АНУ д цалин г хоёр долоо хоног тутамд олгодог нь нийтлэг.

A-3, G-5, NATO-7 ба гэрийн ажилтнуудад тавих нэмэлт шаардлагууд

Гэрээнд дараах нөхцөлүүдийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Ажил олгогч нь АНУ-ын бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөн тухай;
  • Цалин тавих хугацаа, цалингийн хэлбэр, ажлын үүрэг, хариуцлага, долоо хоногт ажиллах цаг, амралтын өдөр, өвчний чөлөө, ээлжийн амралтын тухай;
  • Ажил олгогч тань паспорт, хөдөлмөрийн гэрээ болон бусад хувийн өмчийг тань хурааж авахгүйг зѳвшѳѳрсѳн тухай.

Хөдөө аж ахуйн түр ажилтны H-2A виз

  • Та ажил зуучлагчид ямар ч хураамж төлөх ёсгүй.
  • Таны ойлгодог хэл дээр бичгээр үйлдсэн хөдөлмөрийн гэрээг та хүлээн авах ёстой. Гэрээнд цалин хөлс, ажлын хугацаа, ажиллах цаг, хангамж (унаа, байр, хоол, гал тогоо) болон цалингаас авах суутгалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тусгах ёстой.
  • Та гүйцэтгэсэн ажлынхаа тоо хэмжээгээр цалинждаг байлаа ч шударга хөлс авах эрхтэй. 
  • Ажил олгогч тань байгаа газраасаа таны ажиллах газраа очсон замын зардлыг даах эсвэл хөдөлмөрийн гэрээнд

Nurse-Banner_10052022

заасан ажлынхаа талыг гүйцэтгэсэн даруйд уг зардлыг үндэслэлтэйгээр тооцож нѳхѳн тѳлѳх ёстой. Ажил олгогч тань хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэж дуусмагц таныг буцах замын зардлаар хангах ёстой. Хэрвээ зардлаа хассаны дараа таны авах цалин АНУ-ын цалингийн доод хэмжээнээс бага байвал таны замын зардал, визийн хураамжийн мөнгийг ажлын эхний долоо хоногийн цалин дээр нөхөн төлөх шаардлага ажил олгогчид тавигдаж болно. Ажил олгогч ажилтнуудын сууцнаас ажлын талбай хүртэл танд унаагаар үнэгүй үйлчлэх ёстой.

  • H-2A визийн хүрээнд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний цалин хөлсөнд ногдох АНУ-ын нийгмийн халамж, Medicare (65 ба түүнээс дээш насны болон түүнээс залуу боловч хѳгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан холбооны эрүүл мэндийн даатгал)-ын татвараас та чөлөөлөгдөнө.
  • Ерѳнхийдѳѳ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын хоногийн доод тал нь ¾ хувьтай тэнцэх цагийн ажлыг танд санал болгох ёстой.

Хөдөө аж ахуйн бус түр ажилчдын H-2B виз

  • Та ажил зуучлагчид ямар ч хураамж төлөх ёсгүй.
  • Таны ойлгодог хэл дээр бичгээр үйлдсэн хөдөлмөрийн гэрээг та хүлээн авах ёстой. Гэрээнд цалин хөлс, ажлын хугацаа, ажиллах цаг, хангамж (унаа, байр, хоол, гал тогоо) болон цалингаас авах суутгалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тусгах ёстой. 
  • Ерѳнхийдѳѳ ажил олгогч тань 12 долоо хоног бүрт ногдох ажлын хоногийн доод тал нь ¾ хувьтай тэнцэх цагийн ажлаар таныг хангах ёстой.
  • Та гүйцэтгэсэн ажлынхаа тоо хэмжээгээр цалинждаг байлаа ч шударга хөлс авах эрхтэй.
  • Ажил олгогч тань таныг гэрээт хугацааныхаа талд нь орохоос ѳмнѳ таны ирсэн унаа тээвэр, замын зардлыг гаргасан эсвэл нөхөн төлсѳн байх ёстой. Түүнчлэн, ажил олгогч тань таны гэрээт хугацаа дууссан эсвэл дуусахаас өмнө таныг ажлаас чөлөөлсөн бол таны гэртээ харих унаа, замын зардлыг төлөх ёстой. Хэрвээ зардлаа хассаны дараа таны авах цалин АНУ-ын цалингийн доод хэмжээнээс бага байвал таны замын зардал, визийн хураамжийн мөнгийг ажлын эхний долоо хоногийн цалин дээр нөхөн төлөх шаардлага ажил олгогчид тавигдаж болно.

Солилцооны зорчигчийн J-1 виз

  • Таны батлагдсан DS-2019 маягтад хөтөлбөрийн хугацаа, солилцооны төрөл, таны спонсорын нэр, солилцооны зорчигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөн хүлээн авагч байгууллагын талаар дурдсан байна. 
  • Спонсор байгууллага нь хөтөлбөрийн бүх зардал, нөхцөл, хязгаарлалтуудыг нарийвчлан тайлбарласан байх ёстой.

Зуны амралтаараа ажиллаж аялах хөтөлбөр

  • Таны ажлын байрыг урьдчилан бэлдээгүй бол спонсор байгууллага тань таныг АНУ-д ирмэгц ажил олоход тань туслах ёстой.

Дадлагажигч

  • Спонсор байгууллага тантай биечлэн, утсаар, эсвэл вэб камераар ярилцлага хийх ёстой.
  • Спонсор байгууллага нь танд олгох тэтгэлэг, хөтөлбөрийн хүрээнд явагдах сургалтын зорилгын тухай бичгээр үйлдэж дадлагын ажлын төлөвлөгөөнд тань (DS-7002 маягт) оруулан танд өгөх ёстой. Танд долоо хоногт доод тал нь 32 цагийн ажил олгох ёстой. 
  • Спонсор байгууллага нь таны зүгээс төлөх аливаа зардал, хураамж, АНУ-д амьдрах өртгийн тооцоог бичгээр үйлдэн танд өгөх ёстой.
  • Спонсор байгууллага нь таныг эрүүл мэндийн даатгалд хамруулах, эсвэл даатгалын тѳлбѳрийг тань төлөх үүрэггүй ч таныг эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эсэхийг баталгаажуулах ёстой.

Айлд байрлаж хүүхэд асрах үйлчилгээ:

  • Хүлээн авч буй айл тань таныг бүрэн дунд боловсролын дараах сургуульд бүртгүүлж сурахад тань тусалж, сургалтын тѳлбѳрийн 500 хүртэлх ам.долларыг төлөх ёстой. 
  • Та өдөрт 10 цаг, долоо хоногт 45 цагаас илүү ажиллах шаардлагагүй.
  • Таны зөвлөх буюу нийгмийн ажилтан тантай мөн хүлээн авагч айлтай тань тогтмол холбоотой байх ёстой. 

САНАМЖ: Аяллынхаа өмнө бүх чухал бичиг баримт, ялангуяа паспорт, АНУ ын виз, хөдөлмөрийн гэрээ болон бусад биеийн байцаалтын бичиг баримтаа тус бүр хоёр хув и лах хэрэгтэй Нэг хувийг нь гэртээ найдвартай хэн нэгэнд хадгалуулж, нөгөө хувийг нь биедээ авч яв аарай

1671635033918.jpg

ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗ

Цагаачлалын бус виз нь ажиллах, суралцах, соёлын солилцооны хөтөлбөрт оролцох зэрэг тодорхой зорилгоор АНУ-руу очих хүсэлт гаргасан хүмүүст тус улс руу зорчих зөвшөөрөл олгож буй АНУ-ын засгийн газрын баримт бичиг юм. Та хилийн чанад дахь АНУ-ын элчин сайдын яам буюу консулын газарт хандан виз хүсэх ёстой. Цагаачлалын бус виз авсныхаа дараа та АНУ-ын хил нэвтрэхийн өмнө АНУ-ын цагаачлалын албаны байцаагчид визээ үзүүлнэ. Таны визийн хугацаа дууссан бол та АНУ-руу дахин нэвтрэхээсээ өмнө шинээр виз авах хэрэгтэй.

АНУ-ын хилээр таныг нэвтрэхийг зөвшөөрсний дараа цагаачлалын албаны ажилтан таны хилээр нэвтэрсэн огноо, ангилал, байх “сүүлчийн өдөр”- ийг тэмдэглэн тамга дарна. Та АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд хууль ёсны статусаа хадгалахын тулд I-94 маягт дээр тэмдэглэсэн “сүүлчийн өдөр”-өөс өмнө АНУ аас гарсан байх хэрэгтэй. Та I-94 маягтынхаа тэмдэглэгээг https://i94.cbp.dhs.gov цахим хуудсаар орж шалгаж болно.

САНАМЖ: Та АНУ д ирмэгц ээ паспорт болон аяллын бусад бичиг баримтаа хэрэгтэй үедээ буцаан авч болох найдвартай газар хадгал ах хэрэгтэй . Ажил олгогч тань таны паспортыг хураах ёсгүй бөгөөд ингэх нь хууль бус юм

ХҮНИЙ НАЙМАА

Хүний наймааны хохирогчид нь хамгаалал, үйлчилгээ авах эрхтэй төдийгүй нийгмийн зарим халамжид хамрагдах боломжтой. Хүний наймаа нь хүч хэрэглэх, дарамтлах, залилах замаар хүүхэд, насанд хүрэгчдийн биеийг үнэлүүлэх буюу албадан хѳдѳлмѳрлүүлэх гэмт хэрэг юм. Ажиллах хүчний наймаачид, бэлгийн мөлжлөгийн зуучлагчид, бэлгийн мөлжлөгт өртөгсдийг худалдан авагч зэрэг гэмт хэрэгтнүүдийг холбооны болон мужийн хүний наймааны эсрэг хуулийн дагуу шийтгэдэг. Ажиллах хүчний наймаачид, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтнүүд эрүүгийн шийтгэлээс гадна иргэний хэрэгт хариуцлага хүлээж болно. Хүний наймааг танихад тус болох зарим дохио тэмдгүүд:

Айлган сүрдүүлэх

Хүний наймаачид, тэдний гар хөл бологсод таныг болон бусдыг зугтах оролдлого хийхээс айтал нь заналхийлэн сүрдүүлж болзошгүй. Жишээ нь:

  • Зодох, бие махбодид халдах, бэлгийн хүчирхийлэл хийх; 
  • Зодно, бие махбодид халдана, бэлгийн хүчирхийлэл хийнэ хэмээн сүрдүүлэх; 
  • Ажилчдыг ажлын байр, орон сууцаа орхиход явахад нь саад болох, цоожлох;
  • Зугтаахыг завдах, зүй бус хандлагын талаар гомдол гаргах, цагдаад мэдээлэх, тусламж хайхыг оролдвол таны болон таны гэр бүлд аюул учруулахыг сануулан сүрдүүлэх;
  • Тусламж хайвал таныг албадан гаргана, эсвэл баривчилна хэмээн айлгах;
  • Зугтах, гомдол мэдүүлэх, цагдаа дуудах, тусламж хайхыг завдсан хэн нэгнийг сүрдүүлэх юм уу хохироох эсвэл зугтахыг завдсан хэнийг ч олоод эргүүлж авчирна гэж айлгах.

Өр тулгах

Хүний наймаачид, тэдний гар хөл бологсод таныг өрөө төлөхийн тулд ажил хийх, үйлчилгээ үзүүлэх буюу биеэ үнэлэхийг шаардаж болзошгүй. Зарим тохиолдолд хүний наймаачид өр үүсгэж тулгадаг. Өр нэхэж таныг явуулахгүй байх эсвэл хүчээр ажил хийлгэх, үйлчилгээ үзүүлэх буюу биеэ үнэлэхийг шаардах нь хууль бус юм. Хүний наймаачид заль хэрэглэн таны өрѳѳ барагдуулах оролдлогыг улам хүндрүүлж, өрөө төлтөл тэдний шаардсан үйлчилгээг үзүүлэх ёстой мэтээр танд итгүүлж магадгүй. Заль мэх хэрэглэн өрийг хүндрүүлэх зарим жишээг дурдвал:

  • Тогтоосон хугацаанд нь төлөхөд хэцүү буюу төлөх огт боломжгүй, таны олох орлоготой харьцуулшгүй өндөр өр тулгах;
  • Тантай урьдчилан тохироогүй буюу эсвэл тохиролцсон хэмжээнээс өндөр өр тулгах;
  • Таны цалингаас өр барагдуулахыг татгалзах; 
  • Өр барагдуулахын тулд хэр удаан хугацаагаар үйлчилгээ үзүүлэхийг тодорхой хэлэхээс татгалзах; 
  • Ѳрийн тооцоон дээр таны урьдчилан тохироогүй тээвэр, байр, хоол, бусад зардлыг нэмэх;
  • Дүрэм зөрчсөн, хангалттай орлого олоогүй, эсвэл хангалттай ажил, үйлчилгээ хийгээгүй, биеэ үнэлээгүй гэх шалтгаанаар тѳлбѳр, торгууль нэмэх.

САНАМЖ: Тантай зүй бусаар харьцсан үйлдэл үг бүрийг тэмдэглэн, гэрч байвал түүний нэр, утасны дугаарыг бичиж ав ах хэрэгтэй

Дүрэм журам, хяналт

Хүний наймаачид, тэдний гар хөл бологсод таныг зугтах, гомдол гаргах, тусламж хайх оролдлого хийлгэхгүйн тулд элдэв дүрэм журам, хяналт тогтоож болно. Жишээ нь:

  • Ажлын байр орхихгүй байх, эсвэл ажил хийгээгүй үедээ хаашаа явж болох талаар хатуу чанга дүрэм тогтоох;
  • Паспорт, виз, төрсний гэрчилгээ, биеийн байцаалтын бусад бичиг баримтыг ѳѳр дээрээ хадгалахыг хориглох;
  • Зохистой хоол унд идэх, унтаж амрах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж олгохгүй байх;
  • Гэр бүлийнхэн, бусад ажилтнууд, үйлчлүүлэгч болон хуулийн ба нийгмийн ажилтнууд зэрэг гадны хүмүүстэй холбоо тогтооход саад болох, хориглох, хяналт тавих.

Залилан тѳѳрѳгдүүлэх, худал ярих

Хүний наймаачид, тэдний гар хөл бологсод таныг залилан тѳѳрѳгдүүлж, худал ярьж болзошгүй юм. Жишээ нь:

Ямар ажил болох, ажиллах цаг, ажлын байр, амьдрах орчин, цалин хөлсний талаар худал амлах;

Сайхан ажил амласны дараа хэт урт цагаар хүнд хэцүү орчинд, амласнаасаа бага хөлсөөр ажиллахыг шаардах;

  • Сайхан ажил амласны дараа өөр ажил, үйлчилгээ хийх, эсвэл биеэ үнэлэхийг шаардах. Жишээ нь: сувилагчийн сургуульд профессорын ажил амласан хэрнээ асрамжийн газар ажиллахыг тулгах, эсвэл хүүхдийн асрагчийн ажил амлачихаад хүчээр тайчигч бүжигчнээр ажиллах, эсвэл биеэ үнэлэхийг шаардах; 
  • Танд ямар ч эрх байхгүй гэж хэлэх; 
  • Тусламж хайхыг оролдвол танд хэн ч үнэмшихгүй, таныг албадан гаргана гэж айлгах;
  • Хүний наймаачны хэн болох талаар худал хэлэхийг заах.

Хүчирхийлэлд өртсѳнѳѳ мэдээлбэл таныг албадан гаргах уу?

Хүчирхийлэлд ѳртсѳнѳѳ мэдээлсэн хүмүүсийг хамгаалах хөтөлбөрүүд байдаг. Таны визийн статус зөрчилтэй байсан ч тусламж эрэхээсээ айж болохгүй. Ажил олгогчид тань үйлчилдэггүй цагаачлалын хуульчтай зөвлөлдөх хэрэгтэй.

Хэрэв та өөрийгөө хүний наймаа, хүчин, бэлгийн халдлага зэрэг бусад ноцтой гэмт хэргийн хохирогч гэж үзвэл “T” (хүний наймааны хохирогчид олгодог) эсвэл, “U” (хүний наймаа болон бусад ноцтой гэмт хэргийн хохирогчид олгодог) зэрэг өөр төрлийн цагаачлалын бус виз авах боломжтой байж болох ба бусдаар мѳн АНУ-д түр хугацаагаар үлдэж болох юм. Хохирогчдыг хамгаалах үүднээс эдгээр цагаачлалын бус ангиллуудыг бий болгосон юм. АНУ-д T, U статусын талаар тийм ч олон хүн мэддэггүй учир танд тусалж буй хүмүүст энэ талаар дурдаж болох юм.

Хүний наймааны хохирогчид ямар үйлчилгээ авч болох вэ?

АНУ-д хүний наймааны хохирогчид нь холбооны болон мужийн нийгмийн халамж, үйлчилгээ, цагаачдад үзүүлэх тусламжийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Үүнд эрүүл мэндийн ба шүдний үзлэг, эмчилгээ, сэтгэл зүйн зѳвлѳгѳѳ, орон байр, цагаачлалтай холбоотой хуулийн зөвлөгөө авахад тань болон хууль эрх зүйн бусад асуудлаар болон ажил олоход тусламж дэмжлэг үзүүлэх олон байгууллагууд танд тусалж чадна.

САНАМЖ: Ажилласан бүх цагаа хувьдаа бүртгэж явах нь тустай. Дэвтэр аваад ажилласан бүх өдөр, цаг, цалингийн хэмжээ, цалин олгосон өдөр, цалингаас суутгасан шимтгэлүүд ба ямар суутгалууд болохыг тодорхойлон бич их хэрэгтэй.

file

ЭДГЭЭР ЦАХИМ ХУУДАС РУУ ОРЖ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВНА УУ:

(Доорх цахим хуудаснууд нь Англи хэл дээр бэлтгэгдсэн болно.)

  • Визийн мэдүүлгийн үйл явц ба визийн талаар: usvisas.state.gov.
  • Хүний наймааны талаар: state.gov/j/tip.
  • J-1 визийн солилцооны хөтөлбөрийн талаар: j1visa.state.gov.
  • Эрх тэгш байдал ба арьс өнгө, шашин шүтлэг, хүйс (жирэмслэлт үүнд орно), үндэс угсаа, нас (40 ба түүнээс дээш), хѳгжлийн бэрхшээл, генетикийн гэх мэт ялгаварлан гадуурхлаас ангид байх таны эрхүүд, ялгаварлан гадуурхлын эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах талаар: eeoc.gov.
  • Ажлын байрны аюулгүй байдалд хамаарах эрхүүд, түүнчлэн ажлын байр тань аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэж үзэн шалгуулахыг хүсвэл: osha.gov.
  • Ажил олгогчоосоо аваагүй хөлсөө хэрхэн гаргуулах талаар: webapps.dol.gov/wow.
  • Шударга цалин хүртэх эрх, цалин хөлстэй холбоотой гомдол хэрхэн гаргах талаар: dol.gov/agencies/whd/immigration.
  • Иргэншлийн статусаас үл хамааран ялгаварлан гадуурхлаас ангид байх эрх, ялгаварлан гадуурхлын эсрэг гомдол гаргах талаар: justice.gov/crt/filing-charge.
  • Цалин хөлс, ажлын байрны нөхцөлийг сайжруулах зорилгоор бусад ажилчидтай эвлэлдэн нэгдэх эрх, гомдол нэхэмжлэл гаргах талаар: nlrb.gov.
  • Эрүүл мэндийн даатгалтай холбоотой эрх, үүргүүд, түүнээс чөлөөлөгдөх нөхцөлүүдийн талаар: localhelp.healthcare.gov.

 

 

 

Энэхүү товхимлыг 2008 оны Вильям Вилбэрфорсын Хүний наймааны хохирогчийг хамгаалах хуулийн 202-р заалтын дагуу бэлдэв. Хуулийн эмхэтгэл 110-457